Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө ба компанийн хөрөнгийн зааг ялгаа

Оршил

Компанийн өр, төлбөрийг гэр бүлийн хувийн хөрөнгөөр хариуцах, гэр бүл салахад компанийн өмч хөрөнгийг хуваах эсэх гээд амьдралд үүсэх аль олон асуултыг тэр гэх вэ? Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд Компанийн хөрөнгө хамаарах эсэх асуудал нь онол, практкийн хувьд маргаантай, хуулийн шууд зохицуулсан тодорхой заалт байхгүй, шүүхэд нэгдсэн практик тогтож чадаагүй учраас энэ асуудлыг тусгайлан судлах шаардлага үүссэн болно.

Нэг. Өмчийн онолын талаар
Аливаа улс гүрэн эдийн засаг дээр оршин тогтнож байдгийн адил гэр бүл өрхийн төсөв буюу өмч дээр суурилан амьдралаа залгуулж, амьжиргааны түвшингээ тодорхойлуулж байдаг байна.

Өмч гэдэг бол эрдэмтэн мэргэдийн тодорхойлсноор: “Эдийн баялагийг тодорхой этгээдэд хамааруулж, уг этгээдэд тухайн баялгийн хувьд олгогдсон хязгааргүй эрхийг бусад этгээд хүлээн зөвшөөрч байгаагаар илэрдэг нийгмийн харилцаа юм” гэжээ. Өмчийн төрөл нь нийтийн болон хувийн өмчөөс бүрддэг бол хувийн өмч нь иргэний буюу дундын гэсэн хэлбэртэй байдаг ажээ. Гэр бүл айл өрхийн бүхийл өмч хөрөнгийг хувьд ноогдох хөрөнгө, хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө гэж үндсэн хоёр хэсэгт хуваадаг ажээ.

Нэгдүгээрт, хувьд ногдох хөрөнгө гэдэгт эхнэр, нөхөр, хүүхдийн хуваарьт өмч хамаардаг ба энэ нь анх гэр бүл болохдоо өөрсдийн авчирсан эд хогшил байхаас гадна гэр бүл болоход нь бэлэг болгон өгсөн, эсхүл амьдрах явцад бий болгосон эд зүйлийн хэрэглээний шинжээс шууд хамаарч хуваарьт өмчид хамаардаг байна. Жишээлбэл, байшин, гэр, зурагт, хөргөгч бэлэглэх буюу худалдан авбал дундаа хэрэглэх утгаараа хамтран өмчлөх дундын хөрөнгө болдог бол, ээмэг, цүнх, үсний хавчаар бэлэглэх буюу худалдан авбал эхнэрийн, сахалын машин, зангиа, костьюм педжак бэлэглэх буюу худалдан авбал нөхрийн, жихэвч, хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл зэрэг нь тухайн хүүхдийн хуваарьт өмч болно.

Хоёрдугаарт, Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд: гэрлэх үедээ, гэрэлснээс хойш хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө “ үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө”, ногдол хувь, үнэт цаас, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал, анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтын өмч болно.

Хуваарьт өмчийг үндэслэлтэй зөв тогтоосноор, хамтран өмчлөх дундйн өмч хөрөнгийг шударга тогтоох үндэслэл болдог байна. Ийнхүү тогтоогдсон хөрөнгөнд компанийн хөрөнгө хамаарх эсэх асуудал гэр бүлийн өмчийн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Яг энэ цэгээс компанийн өмч гэсэн шинэлэг ойлголт урган гарч байгаа юм. Компанийн тухай хуулийн 31.1-д “Компанийн балансанд тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс компанийн өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө гэнэ” гэж тодорхойлжээ. Үүнээс авч үзвэл компанийн өмч гэдэг ойлголтонд: аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан блансанд нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу тусгагдсан, бодиттойгоор нэр зааж оруулсан эд зүйлс, эд хөрөнгийн эрхээр цогцлон бүрдсэн хөрөнгийн нийт дүнгээс бусдад төлөх ёстой өр зээлийг хасаад цэвэр үлдэгдэл хөрөнгө нь хувь нийлүүлэгчдийн буюу компанийн өөрийн хөрөнгөнд ордог байна.

Аливаа компани нь өөрийн гэсэн дүрэмтэй, дүрмийн сантай, санхүү бүртгэл, тайлан тооцоотой, ашиг, алдагдлаа тооцдог, хувьцаа, үнэт цаастай, хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээг урьдчилан тогтоосон, зарцуулчихаад дараа нь тайлагнадаг байна. Тэгвэл өрхийн төсөв нь гэр бүлийн гишүүдийн хамтын аж ахуй эрхлэлт, хөдөлмөрийн үр дүнд бий болж буй мөнгөн орлого, эд хөрөнгөнөөс бүрддэг, урьдчилсан зөвшөөрлийн зарчмаар захиран зарцуулдаг онцлогтой байна. Энэ утгаараа компанийн хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө нь өөр хоорондоо ялгаатай, өмчийн төрөл хэлбэрийн хувьд өөр өөр ордонд байралдаг байна.

Гэхдээ компанийн хөрөнгийн эх үүсвэр, үйл ажиллагаа, ашиглалт, ашиг хуваарьлалт, өрхийн төсөвтэй харьцдаг байдлаас шууд хамаарч аль аль нь өмчийн нэг хэлбэрт орж эвсэлддэг ажээ. Тодруулбал, Компани үүсгэн байгуулсны дараа гэр бүл болох, гэр бүл болсны дараа компани байгуулах, гэр бүлээрээ компанийн гишүүн байх, эсхүл зөвхөн хэн нэг нь төлөөлөх, нэг компанид хамтран ажиллах, компанийн эргэлтийн хөрөнгийг хувийн өмчөөр санхүүжүүлэх, цэвэр өөрийн орлогоор санхүүжүүлэх, компанийн ашиг орлогоос хувь хүртэж ар гэрийн ахуй амьдрал, сургалтын зардал, хоол хүнс, хувьцас, гэрийн эд хогшил авах, хаус бариулах, худалдан авах, байрны засварын зардал г.м. амьжиргааны асуудлыг шийддэг онцлогоос хамаарч хуулийн этгээдийн өмч, хувийн өмч хоёр нь нэг эх үүсвэртэй тул хоёулаа “хувийн дундын өмч” гэсэн хэлбэрт шилждэг. Жич: Зарим гэр бүл үүсгэн байгуулсан компанийхаа оноосон нэрийг өгөхдөө хүүхдийнхээ нэрээр, тухайлбал, “Саруул”, “Мишээл” г.м. нэршүүлдэг нь анхаарлын гадна үлдэх ёсгүй.

Улаанбаатар эрдэм судлалын дээд сургуулийн багш С.Боловсонгийн бичсэн “Гэр бүлийн эрх зүй” УБ 2006 он номын 43-45-р талд “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгт: гэрлэснээс хойш бий болсон, хуваарьт хөрөнгөнөөс бусад, хамтын хөдөлмөр, үйл ажиллагаагаар шинээр бий болгосон хөрөнгө, орлогоороо авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ногдол хувь, үнэт цаас, гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр байгаагаас үл хамаарах бусад хөрөнгө орно” гэжээ. Түүнчлэн МУИС-ийн багш Б.Улаанбаатарын тууривсан “Иргэний эрх зүйн тайлбар толь бичиг” номын 28-р талд “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгт: хамтын хөдөлмөр, үйл ажиллагаагаар шинээр бий болгосон хөрөнгө, орлогоороо авсан үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ногдол хувь, үнэт цаас, гэр бүлийн гишүүдийн хэний нэр дээр байгаагаас үл хамаарах бусад хөрөнгө” гэж үндсэндээ адил түвшинд авч үзжээ. Иргэний хуулийн тайлбар ном УБ хот 2010 он 220-р талд “гэр бүлийн нэг гишүүн хэлцлээр дамжуулан дундын хөрөнгийг захиран зарцуулсны үр дүнд бий болсон хөрөнгийн өмчлөгч болох ч тухайн эд хөрөнгө хуулийн дагуу гэр бүлийн дундын өмчид давхар байна” гэсэн ойлголтыг өгчээ. Өөрөөр хэлбэл, нөхөр нь компани үүсгэн байгуулах гэрээ хэлцлээр хийж, улмаар дундын хөрөнгөөөр дүрмийн санг бүрдүүлсэн бол тухайн хуулийн этгээдийн хувьд өмчлөгч байв ч цаад утгаараа гэр бүлийн дундын өмчид давхар байна гэсэн үг юм. Мөн тайлбар номонд “олсон хөрөнгө гэдэгт үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ногдол хувь, үнэт цаас, шинээр бий болсон хөрөнгө г.м. олон арга хэлбэрээр дундын өмч бий болгох талаар жишээ баримттайгаар бичжээ.

Хөдөөгийн малчин гэр бүл малаа зараад хот суурин газар бараадаж амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хандлага өнөө үед ихэсжээ. Тэд малаа зараад, хотод мөнгөтэй орж ирээд, нөхөр нь таван толгой компанийн хувьцааг худалдан авсан байна. Гэлээч тухайн хувьцаа нь хамтран өмчлөх өмчөөс үүдэлтэй тул хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Үнэт цаас нь гэр бүлийн дундын өмчид хамаарч байгаа тохиолдолд түүний ногдол ашиг нь мөн дундын өмч болно. Үүнээс үүдэн өмчлөх эрх үүсэх, шилжүүлэх харилцаа нь өмчийн удамших агуулгыг хүчтэй тодотгож өгдөг байна.

Хоёр. Төрөөс баталсан хууль зүйн зохицуулалт

  1. Гэр бүлийн хуулийн 20.1. Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Иргэний хуулийг судлан үзвэл: 126 дугаар зүйлд “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж тодорхойлжээ. Түүнчлэн мөн зүйлд “хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө “ үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө”, ногдол хувь, үнэт цаас, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө, гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал, анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтын өмч болно” гэжээ. Хуулийн энэ зохицуулалт нь хамт амьдарч байхдаа шинээр компани үүсгэн байгуулахдаа дундын өмчлөлийн хөрөнгөөр дүрмийн санг нь бүрдүүлсэн бол шинээр бий болгосон хамтран өмчлөх дундын өмч болохоор хуульчилжээ.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 10.2. “Гэрлэгчид нь ... дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах ... тэгш эрхтэй”, “10.3. Гэрлэгчид нь ... гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй”, гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр захиран зарцуулахдаа заавал бичгээр зөвшөөрөл авах гэх зэргээр зохицуулалт хийжээ. Түүнчлэн мөн хуулийн 14.6. Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэжээ.
    Гэр бүлийн тухай хуулийн 14.5. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэж заасны дагуу хамтран өмчлөх компанийн хөрөнгийг хуваах талаар тохиролцсон бол шүүх тэр дагуу шийдэж таарна. Учир нь маргаж байгаа талууд тохиолцоод байхад шүүх өөрөөр шийдэж өөрөө маргааны бай болохгүй гэдэгт итгэж байна.

  3. Компанийн тухай хуулийн 9.5. Хувь нийлүүлэгчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувь нийлүүлэгч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж хуульчилжээ. Хуулийн энэ заалтыг Дээд шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолоор “мөн зүйлийн 9.5-д заасан “компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэдэг нь компанид оруулсан хувь нийлүүлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн хөрөнгөд бүртгэгдэн, тайлан тэнцэлд тусгагдаж, түүний хувийн эд хөрөнгөөс зааглагдсан байх ёстой боловч ийнхүү зааглаагүй тохиолдолд компанийн төлбөрийг барагдуулахад хувь нийлүүлэгчийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь компанийн өөрийн хөрөнгөд тооцогдон түүгээр компанийн хүлээх хариуцлагыг нөхөн төлнө гэж ойлгоно” гэж албан ёсоор тайлбар хийжээ.
    Хууль болон тайлбарын агуулга нь хуулийн этгээдийн хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс тусгаарлах арга хэмжээ аваагүй бол компанийн өр зээлийг хувийн эд хөрөнгөөр бүрэн хариуцна гэсэн үг мөн. Үүнээс дүгнэлт хийвэл, өр зээл төлүүлэх болохоор хувийн хөрөнгийг компанийн эд хөрөнгөнд тооцдог, компанийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ тооцуулах гэхээр тооцож өгдөггүй байж таарахгүй. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнөөс тухайн компанийн дүрмийн санг бүрдүүлсэн бол тэр хэмжээгээр ногдол ашиг авах, мөн хуулийн 35.1.3. компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд тогтоосон журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрх үүснэ.

  4. ОХУ-ын Гэр бүлийн хуулийн 34 дүгээр зүйл болон ОХУ-ын Дээд шүүхийн тайлбарт: гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд эхнэр, нөхрийн хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээнээс олсон орлого, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн чадвар алдсаны эд хөрөнгийн буюу мөнгөн олговор, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, үнэт цаас, ногдол ашиг, зээлийн үйл ажиллагаанаас олсон хүү, зохиогчийн эрхийн шагнал, ургацын борлуулалт болон өрөө хөлслүүлсний шан хөлсийг оруулан тооцохоор тусгажээ.

Гурав. Шүүхийн практик
Гэр бүл цуцлах хэргийг шийдвэрлэх явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж байгаа шүүхийн практикийг, тэр тусмаа Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд Компанийн хөрөнгийг оруулан хуваасан, оруулахгүйгээр тооцсон хэд хэдэн хэргийг судлан үзэв. Гэр бүлийн хэрэг нь өөрөө зарим талаараа нууцад хамаарах учраас гэр бүлээ цуцлуулаж байгаа иргэдийн нэрийг бичээгүй болно.

Шүүх энэ төрлийн хэргийг шийдвэрлэхдээ: Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтохдоо тухайн компанид хөрөнгө оруулсан бодит байдлыг онцгойлон анхаарсан банйа. Жишээлбэл, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх иргэн .... нарын хооронд үүсэн гэр бүл байх үедээ бий болгосон компанийн болон бусад хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн тухай хэргийг хянан хэлэлцээд ¬2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 768 дугаар шийдвэр - \ Монгол улсын шүүхийн шийдвэрийн эмхтгэл 2008 он ¹ 7 хуудас 268-277 \ - ээр Иргэний хуулийн 119.2, 129.1.1, 129.1.2 хэсгийг баримтлан компанийн хувьцааг Хөрөнгийн биржээс худалдан авахдаа гэр бүлийн гишүүдийн нэр дээр худалдан авсан, компанийн ноогдол ашиг авч зарцуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон учраас шүүх компаниас “нэг үүсгэн байгуулагчтай, 100 хувийн хөрөнгө оруулалттай” болон цорын ганц үүсгэн байгуулагч болох нөхрөөс нь нийт 565.6 сая төгрөгийг гаргуулахаар шийдсэн байна.

Үүнээс гадна иргэн “Ё”, “Ь” нарын компанийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тогтоолгох тухай хэргийг анхан шатны шүүх хангаж шийдсэн бол, давж заалдах шатны шүүх зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, хяналтын шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож олон янзаар шийдсэн байна. Энэ нь дээд шатны шүүхээс Компанийн хөрөнгө Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд хамаарахгүй гэж үзсэнтэй холбоотой байна.
Өнөөгийн шүүхийн практик Компанийн хөрөнгө Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд хамаарахгүй гэсэн хандлага нь учир дутагдалтай юм. Учир нь: Компанийн хөрөнгө Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд хамаарна, хамаарахгүй гэж бие биенээ үгүйсгэсэн, эсрэг тэсрэг хоёр өөр дүгнэлт хийж, байр сууриа илэрхийлж байгааг туйлшрал гэж бодож байна.

Дөрөв. Дүгнэлт
Зарим хуульчид Компанийн хөрөнгө Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд хамаарна гэж үздэг бол, нөгөө хэсэг нь Компанийн хөрөнгө Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд хамаарахгүй гэж бие биенээ үгүйсгэсэн, эсрэг тэсрэг хоёр өөр дүгнэлт хийж байгааг онолын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин өмчийн гарал үүсэл, хөрөнгө оруулалтын байдал, аж ахуйн нэгжийн болон өрх гэрийн өмчийн хоорондын харилцан хамаарлаас шалтгаалан Компанийн хөрөнгө Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгөнд хамаарах тохиолдол, эс хамаарах, тодорхой хэмжээ заагтай хамаарах гэсэн уян хатан, ялгамжтай дүгнэлтийг хийж байна. Дүгнэлт гаргахдаа дээр дурьдсан өмчийн онол, хуульзүйн зохицуулалт, шүүхийн практикт, мөн нэг төрлийн хэрэг байлаач хэрэг бүр ижилгүй, өөр хоорондоо ялгамжтай гэсэн зарчмыг түшиглэв. Ийнхүү компанийн өмч хөрөнгө, гэр бүлийн өмч хөрөнгө хоёрыг зааг, ялгамжийг тогтоох нь аливаа хэрэг маргааныг шударга, зөв шийдвэрлэх суурь үржил шимтэй хөрс нь болж өгнө.

AddThis Social Bookmark Button

Холбоотой мэдээлэл
One Stop Service

Санал асуулга

Бизнес эрхлэгч та бүхэн МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитр бөгөөд Танхимын Эрх Зүйн бодлогын хэлтэсээс ямар үйлчилгээ авдаг вэ?

Маргаан шийдвэрлүүлэх - 20%
Эрх зүйн зөвлөгөө авах - 20%
Гэрээний төсөл хянуулах - 30%
Гэрээний төсөл боловсруулах - 0%
Force majeure, Hardship-ийнгэрчилгээ гаргуулах - 30%
Бусад - 0%

Нийт санал: 10
The voting for this poll has ended on: 16 3-р сар 2012 - 15:07
Баннер
Баннер
Баннер
Баннер

Онлайн номын дэлгүүр

  • Хаан Банк

  • Голомт Банк

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр2158
mod_vvisit_counterӨчигдөр18974
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт113433
mod_vvisit_counterӨмнөх 7 хоногт140193
mod_vvisit_counterЭнэ сард364114
mod_vvisit_counterӨмнөх сард583326
mod_vvisit_counterНийт хандалт5236500

Манай сайтад: 44 зочин онлайнд байна
Таны IP хаяг: 38.107.179.238
 , 
Өнөөдөр: 5-р сар 18, 2012